images

"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хамтран ажиллах уулзалт боллоо.

Үйл явдлын мэдээ

2026-08-10

26

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан Токиогийн Эх баригч нарын нийгэмлэгийн дэд захирал, Токиогийн Эрүүл мэндийн их сургуулийн профессор, Анагаах ухааны доктор Ватанабэ Каорү, тус их сургуулийн багш, доктор Тоцү Юмико нарыг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Токиогийн Эрүүл мэндийн их сургууль, Токиогийн Эх баригчдын нийгэмлэг нь Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны “Эмнэлгийн технологийг олон улсад түгээхийг дэмжих төсөл”-ийн хүрээнд эх баригчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онол, дадлага хосолсон сургалтыг Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран жил бүр зохион байгуулж байгаа юм.

Тус сургуулийн төлөөлөл Монгол Улстай хамтран дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй энэхүү сургалтаараа дамжуулан Монголын эх баригчдын ур чадварыг сайжруулж, эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж буйгаа онцлов.

Элчин сайд Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид Токиогийн Эрүүл мэндийн их сургуультай хамтран эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийллээ.