images

Элчин сайд Б.Баярсайхан “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцлоо

Үйл явдлын мэдээ

2026-08-18

11

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан Өвөрхангай аймгийн Хархорин музейд 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор уригдан оролцлоо.

Элчин сайд Б.Баярсайхан нээлтийн арга хэмжээний үеэр мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын түүхийн олон зуун жилийн гэрч болох гэрэл зураг, олдвор бүхий үзэсгэлэнг тус хотод зохион байгуулж буй Японы Мацү-Үра хотын удирдлага, баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Монгол-Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь түүх, соёлын үнэт өвөөр дамжин ард иргэд хоорондын үерхэл нөхөрлөлийг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэв.

Энэ удаагийн үзэсгэлэнг цаашид Чингис хааны төрсөн нутаг Зүүн бүсийн Хэнтий аймгаас эхлэн бүс тус бүрээр өртөөлөн хийх тал дээр Японы болон Монголын талын холбодох байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд идэвх санаачилга гарган ажиллахыг хүслээ. Ялангуяа, тэцүхаү буюу тэсрэх бөмбөгийн хуулбарыг Монголын тал хуулбарлан авах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин музей, Мацү-Үра хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 06 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ үргэлжлэх ба өнгөрсөн хугацаанд тус үзэсгэлэнг 10,000 гаруй гадаад, дотоодын үзэгчид үзэж сонирхсон байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сум, Нагасаки мужийн Мацү-Үра хотууд анх 1991 оны 5 дугаар сард хамтын ажиллагаа тогтоож байсан эртний харилцаатай хотууд бөгөөд тус Такашима арлаас Хубилай хааны довтолгооны үеийн олдворууд ихээр олддог нь түүх, соёл, архелогийн судалгааны өндөр ач холбогдолтой юм.