Элчин сайд Б.Баярсайхан “JDS” тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан нь “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шугамаар Япон Улсын шилдэг их сургуулиудад суралцах 16 монгол оюутныг ЭСЯ-ны байранд 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзан, Япон Улсад суралцах онцлог, анхаарах зүйлс болон одоо байгаа нөхцөл байдлын тухай чөлөөт яриа өрнүүлэв. Тус уулзалтад Нагаокагийн их сургуулийг төгссөн 1 оюутан мөн оролцсон бөгөөд Монголдоо хариад өмнө нь ажиллаж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газартаа орж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү хөтөлбөр манай улсад 2001 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд 447 төрийн албан хаагч санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, эх орондоо төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллаж байна.
Энэ жилийн хувьд тэтгэлэгт хамрагдагчид Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Хирошимагийн их сургууль, Нагояагийн их сургуулиудад суралцах юм.