Өргөмжит консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсон консулын зөвшөөрлийн албан бичгийг гардуулав
Элчин сайд Б.Баярсайхан Токүшима дах Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсон тухай зөвшөөрлийн албан бичгийг 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЭСЯ-нд гардуулав.
Ш.Каваүчи нь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллах хугацаандаа Монгол Улсын соёл, боловсрол, спортын чиглэлээр олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэн, хоёр улсын харилцааг өндөр түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Түүнчлэн Өргөмжит консул Ш.Каваүчи-г Монголын Үндэсний Олимпын Хорооноос “Аичи-Нагоя 2026 Азийн тэмцээн”-ийг дэмжиж ажиллах “Спортын атташе”-гаар өргөмжилсөн бөгөөд тэрээр тус наадмын үеэр Монголын баг тамирчдыг хүлээн авах, бэлтгэл сургуулилт хийлгэх зэрэг бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.
Монгол Улсын ГХЯ-наас Өргөмжит консул Ш.Каваүчи-гийн олон жилийн хөдөлмөр, хүчин зүтгэл, соёл, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, гадаад харилцаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Өргөмжит Ерөнхий консулд дэвшүүлээд буй.
Элчин сайд Б.Баярсайхан тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсонд нь баяр хүргэж, "Талархлын бичиг" гардуулан, Өргөмжит Ерөнхий консул гэдэг нь тус улс дах Монгол Улсын Өргөмжит консулуудад үлгэр дууриалал үзүүлж, манлайлан ажиллах болж буйг тэмдэглэн хэлэв.