Элчин сайд Б.Баярсайхан морин заслын төвийн санаачилгыг дэмжин ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Ядон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Кавашима Шү-гийн монгол мориор эмчилгээ хийх санаачилга бодит ажил хэрэг боллоо.
Элчин сайд Б.Баярсайхан тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан төслийн санаачлагч Профессор Шу Кавашима-тай хамтран өнгөрсөн жилээс эхлэн монгол морины онцлогийг судлах ажлыг удаа дараа хэрэгжүүлж ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

Тус арга хэмжээнд Элчин сайд Б.Баярсайхан урилгаар оролцох үедээ Япон Улсын эрдэмтэн судлаачдын олон жилийн эрдэм шинжилгээ, онол, практикийн ажлын үр дүнд туршигдсан морин эмчилгээг монголын хөрсөнд буулгаж, монгол хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих шинэ төрлийн эмчилгээний аргатай болж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн "Гэгээлэг Ирээдүй" Морин заслын төвийн үйл ажиллагаа нь морь ихтэй манай улсын хувьд өргөжүүлэн тэлэх боломжтой төслийн нэг гэж үзэж байна. Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлогыгн хүрээнд "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн уялдааг хангаж, бүс, орон нутгийн түвшинд морин эмчилгээний төслийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд морин эмчилгээгээр дамжуулан хүүхдүүд эрүүлжих, гэрэл гэгээтэй болох боломж бүрдэж буй нь эрүүл мэндийн салбарын хувьд ч өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэдгийг онцоллоо.