Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд Б.Баярсайхан Японы Хокүрикү бүсээс сонгогдсон Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Цөмийн эрчим хүчний асуудал хариуцсан тусгай хорооны гишүүн К.Одакэ-ийн санаачилгаар Монгол Улсад ажиллах Японы Парламентын гишүүдийг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ё.Нишиока, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн А.Каваи, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ё.Окүмүра, Парламентын гишүүн К.Одакэ-ийн ажлын албаны нарын бичгийн дарга С.Сакаи нар оролцов.
Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэ энэ удаагийн Парламентын гишүүдийн Монгол Улс дахь айлчлалыг 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх талын дэмжлэг, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
Элчин сайд Б.Баярсайхан уулзалтын үеэр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн харилцаа, монголчуудын нүүдэлчдийн амьдралын хэв маяг, цаг агаар, хотжилт, хот төлөвлөлт, дэд бүтэц, зам харилцааэы талаар мэдээлэл өгөв. Мөн боловсролын салбарт Японоос эхлэлтэй Монгол Коосэн төрийн 3, хувийн 3, нийт 6 сургууль үйл ажиллагаа явуулж буйг онцоллоо.
Парламентын гишүүн Ё.Нишиока Монгол Улсад ажиллах үеэрээ УИХ-ын гишүүдтэй уулзалт хийх, Монгол Коосэн сургуулийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилготойгоо илэрхийллээ.
Цаашид тус яам, Парламентын гишүүд Монгол-Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтаж, бүс, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёлын салбарт харилцан туршлага судлах, хамтран ажиллахаар боллоо.