Японы Шүд, амны хөндийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн гишүүд Монгол Улсад ажилласан сэтгэгдэл, цаашдын хамтын ажиллагааны талаарх боломжоо хуваалцжээ
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханы санаачилгаар Японы Шүд, амны хөндийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн Тэргүүн Т.Мацүо-аар ахлуулсан гишүүд Монгол Улсад 08 дугаар сард ажиллаад ирсэн. Нийгэмлэгийн Тэргүүн Т.Мацүо Монгол Улсад ажиллах үедээ манай улсын эрүүл мэндийн салбар, шүд, амны хөндийн одоогийн нөхцөл байдлын талаар төрсөн сэтгэгдэл Японы “Шүд судлалын мэдээлэл зүй” сэтгүүлд нийтлэгджээ. Тэрээр “Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлгээр 08 дугаар сарын 14-ний өдөр зочилсон ба тус байгууламжуудыг Японы ODA болон ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна.
- Японы шүдний их сургуулийн эмнэлгүүдтэй харьцуулахад монголын эмнэлгүүд том биш боловч өвчтөнүүдийг оношлон эмчилж байгаа тогтолцоо нь японтой төстэй, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар зэрэгцэн суралцдаг.
- Шүдний эрүүл ахуйч Ёкои Сэцүко болон шүдний техникч Фүжии Харуки нар энэ удаагийн ажлын хэсэгт оролцон ажилласан ба тэд боловсролын салбарын тогтолцооны талаар үзэж сонирхохыг хүссэн ч энэ удаа боломж гараагүй.

- Монголд шүдний эрүүл ахуйч гэсэн хоёр төрлийн мэргэжил байгаа боловч хараахан бие даасан систем болж төлөвшөөгүй байна. Жишээ нь, японд шүдний эрүүл ахуйч нарын хийдэг PMTC (мэргэжлийн шүд цэвэрлэгээ)-г монгол эмнэлэгт шүдний эмч нар нь өөрсдөө хийж байгаа зэргээс харагдаж байлаа. Монголын шүдний эмч нарын ойролцоогоор 80 хувь нь эмэгтэйчүүд байна.
- Монголд шүдний чиглэлийн OAD/CAM зэрэг дэвшилтэт технологи нэвтэрч байгаа боловч хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 90 хувиас дээш байгаа нь нийгмийн эрүүл мэндийн хувьд анхаарах асуудал гэж харж байна.
- Монголчуудын амьдралын хэв маяг, өдөр тутамдаа хэрэглэж буй хоол, хүнс, ус, ундаа зэрэг хооллолтыг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна.
- Энэ удаагийн эрүүл мэндийн хамтарсан форумд оролцсон Япон эмч, профессор Т.Нишида бага насны хүүхдийн чихрийн шижин, амны хөндийн болон шүд цоорох өвчин нь чихрийн шижин зэрэг өвчинтэй хэрхэн уялддаг болох талаар ярьсан. Энэ талаар профессор Т.Нишида ярьж эхлэнгүүт, телевизийн ярилцлага авах, форумд оролцогч эмч нар маш их анхаарал хандуулж байгаа зэрэг нь цаашид ч бидний хамтран ажиллах хэрэгцээ шаардлагатай ажлууд их байгааг харуулсан.
Монголын эрүүл мэнд, шүдний салбартай манай нийгэмлэг хамтран ажиллах болсон нь 2025 оны хавраас эхлэлтэй бөгөөд тус нийгэмлэгийн гишүүн Ё.Танигүчи эмч, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан нарын нөхөрлөлийн нөлөө их байсан. Анхны уулзалтаас эхлээд бид монголын шүдний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, өөрсдийн чадах зүйлээрээ хамтран ажиллахыг хүссэн.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлого, эрүүл мэндийн зөвлөх болон салбарын төлөөлөлтэй Элчин сайдын яаманд удаа дараа уулзалт хийж ажилласан зэрэг нь энэ ажлыг эхлүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Энэ удаа Монгол Улсад ажилласантай холбогдуулан манай нийгэмлэгээс цаашид хоёр асуудлын хүрээнд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн шүд, амны амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн Үндэсний амны хөндийн эрүүл мэндийн төв байгуулахад хамтран ажиллах,
Хоёрдугаарт, Япон Улсын шүдний эмч, шүдний эрүүл ахуйч нараар дамжуулан тодорхой нөхцөлийн хүрээнд богино хугацааны эмчилгээг холбогдох эмчилгээний зөвшөөрлийн дагуу монголчуудад хийх зэргээр ажиллах боломжтой юм. Энэ 2 асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр цаашид холбогдох талуудтай ярилцаж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж байна” гэжээ.
