images

Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтарсан семинар зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2026-09-14

13

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсад бүртгэлтэй Хино-Хаши ТББ-ын саналыг дэмжиж, тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд зориулсан хөдөлмөрийн семинарыг 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Монгол иргэд японы аж ахуй нэгж, байгууллагад үндсэн ажилтан болох, одоо эрхэлж буй ажлаа өөрчлөхтэй холбогдуулан ойлголт мэдээлэл хангалттай байдаггүй зэргийг харгалзан Хино-Хаши ТББ-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямжаргал иргэдийг мэдээлэлжүүлэх хүрээнд тус семинарыг зохион байгуулж буйгаа онцоллоо.

Тус семинарт аж ахуй нэгжийг төлөөлөн хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг MJ-works ХХК, KIP ХХК, RIZING SON ХХК болон Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.

Энэ удаагийн семинарт ирэх онд японы их дээд сургуулиа төгсөхөөр төлөвлөж буй залуус, мөн одоогийн ажлаа цаашид өөрчлөх хүсэлтэй иргэд зорин ирж оролцов. Оролцогчид ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй шууд уулзаж ярилцах, бодит мэдээлэл авах боломжтой энэ төрлийн семинар зохион байгуулж буйд талархаж буйгаа илэрхийллээ.