Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан “Япон сан”-гийн “Япон хэлний түнш илгээх хөтөлбөр ...
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан “Япон сан”-гийн “Япон хэлний түнш илгээх хөтөлбөр (Nihongo Partners)“-ийн шугамаар Монгол Улсад томилогдон ажиллах “Япон хэлний түнш” 5 багшийг 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
“Япон хэлний түнш (Nihongo Partners) хөтөлбөр” нь Азийн улс орнуудын боловсролын байгууллагуудад “Япон хэлний түнш”-ийг илгээж, тухайн улсын япон хэлний багш нар болон сурагчдын япон хэлний сургалтыг дэмждэг.
“Япон хэлний түнш (Nihongo Partners) хөтөлбөр”-ийн шугамаар илгээгдэж буй япон иргэд нь тухайн орны япон хэлний багшийн боловсрол олгох үйл ажиллагаанаас гадна анги дотор болон ангиас гадуурх сургалтыг дэмжих, соёлын үйл ажиллагаагаар дамжуулан япон хэл, япон соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Япон Улс нь 2014-2023 онд 3,000, 2024-2026 онд 840 гаруй “Япон хэлний түнш"-ийг Азийн улс орнуудад илгээсэн байна.
Монгол Улсад 2026 оноос анх удаа “Япон хэлний түнш" илгээж байгаа бөгөөд Кимбара Хироказү (Нийслэлийн ерөнхий боловсролын 184 дүгаар сургууль), Күма Ноноко (Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль), Саката Хироко (Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургууль), Ягашира Минами (Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль), Ямада Момоко (Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль) нар томилогдон ажиллах болсон шалтгаан, хүсэл зорилгоо танилцууллаа.
Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улс дахь үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.