Элчин сайд Б.Баярсайхан зураач Б.Болортуяагийн “MONGOL BANKHAR” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан урлаг судлаач, зураач Б.Болортуяагийн анхны бие даасан “MONGOL BANKHAR” үзэсгэлэнгийн нээлтэд 10 дугаар сарын 10-ны өдөр оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр зураач Б. Болортуяад “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, үнэмлэхийг гардуулж, баяр хүргэв.

Элчин сайд Б.Баярсайхан тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсынхаа нүүдэлчин соёлын амьд өв болох банхарыг дэлхий дахинд таниулах үйлсэд чухал хувь нэмэр оруулж буй хэмээн сайшаан, Япон Улс нь дэлхий дахинд алдаршсан Акита үүлдрийн нохойгоороо дамжуулан соёлын солилцоо, гадаад харилцаагаа өргөжүүлж ирсэн туршлагыг дурдаж, Монгол банхарт ч мөн ийнхүү боломж бүрэн бий гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас “Монгол Банхар Судлалын Холбоо”-той хамтран банхар нохойг оролцуулсан “Монгол банхарын тухай танилцуулга, чөлөөт уулзалт, ярилцлага”-ыг 10 дугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-ны байранд зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагын үеэр “Монгол Банхар Судлалын Холбоо”-ны гишүүд монгол банхарын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон өвөрмөц онцлог, сүр хүч, тэсвэр хатуужил, ухаалаг болон эзэндээ үнэнч чанарын талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулав. Арга хэмжээний үеэр зочид банхар нохойтой ойроос танилцаж, дурсгалын зургаа татуулан, сонирхсон асуултдаа хариулт авч, чөлөөт яриа өрнүүлэв.
