images

Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Дарьганга сум Япон Улсын бүс, орон нутагтай хамтран ажиллахаар санал солилцсон тухай мэдээллийг танилцуулж байна.

Үйл явдлын мэдээ

2026-10-15

13

ДАРЬГАНГА СУМ ЯПОН УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Дарьганга сумын удирдлагууд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Япон, Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, рашаан усны судалгаа, аялал жуулчлал, боловсрол, хүний нөөцийн хөгжил болон бусад чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон зочид, төлөөлөгчид:

Б.Баярсайхан — Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

Каяоко Фүжишигэ (Kayoko Fujishige) — Япон Улсын Тояама муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул.

Доктор Такаши Накамүра (Takashi Nakamura, Ph.D.) — Яманашигийн их сургуулийн Олон улсын голын сав газрын орчны судалгааны төвийн дэд профессор, Япон Улсын Засгийн газрын Усны эргэлтийн бодлогын зөвлөх.

Г.Дөлгөөн — Монгол Улсын Засгийн газрын зүүн бүс хариуцсан зөвлөх.

С.Түмэнбаяр — “Түмэн Төмөрт Групп” ХХК-ийн захирал.

Н.Золзаяа — Дарьганга сумын харъяат, Япон Улсын Binex компанийн биотехнологич.

Уулзалтаар Дарьганга сумын усны эх үүсвэрийн найрлага, чанар, аюулгүй байдал болон байгалийн халуун рашааны шинж чанартай эсэхийг мэргэжлийн судалгаа, лабораторийн шинжилгээгээр тогтоох, Япон Улсын туршлагад тулгуурлан рашаан усанд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судлах талаар хэлэлцэв.

Мөн Япон Улсын рашаан бүхий нэгэн хот, суурин газартай Дарьганга сумын орон нутаг хоорондын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан залуусыг Япон Улсад сургах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Төслийн хүрээнд Япон улсад түр оршин суугаа Дарьганга сумын харъяат Н.Золзаяа Япон Улс дахь төслийн төлөөлөгчөөр ажиллаж, хоёр талын мэдээлэл солилцоо, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай харилцах, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэхүү уулзалт нь Дарьганга сумын байгалийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал болон хүний нөөцийн хөгжлийн шинэ боломжийг эрэлхийлэхэд чиглэсэн ажил хэрэгч уулзалт боллоо.

Дарьганга сум — Олон улсын хамтын ажиллагаагаар орон нутгийн хөгжлийн шинэ боломжийг нээнэ.