images

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ЖАЙКА-гийн Зүүн, Төв Азийн газрын захирал Ф.Танакатай уулзав

Үйл явдлын мэдээ

2026-10-23

6

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Зүүн, Төв Азийн газрын захирал Ф.Танакатай уулзаж, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хэрэгжилт, дараагийн шатны санхүүжилтийн нөхцөл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уг төсөл Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход чухал хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх Монголын талын хүсэлтийг уламжлав.

Тэрбээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг онцлов. Энэ хүрээнд төслийн дараагийн шатны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах боломжийг судлах хүсэлт тавив.

ЖАЙКА-гийн Зүүн, Төв Азийн газрын захирал Ф.Танака тус байгууллагын зээлийн нөхцөлийг тогтоох зарчмыг тайлбарлаж, холбогдох ажилтнууд 2026 оны 11 дүгээр сард Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Энэ үеэр Монголын холбогдох байгууллага, арилжааны банкуудтай зөвлөлдөж, төслийн дараагийн шатны санхүүжилтийн бүтэц, нөхцөл болон аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгох боломжийг үргэлжлүүлэн судлах талаар мэдэгдэв.