Монгол Улс, Нагасаки мужийн Мацү-Үра хоттой усан доорх соёлын өвийг судлах түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей, Соёлын өвийн үндэсний төвөөс Мацү-Үра хотын Усан доорх археологийн судалгааны төвтэй 2025 оны 10 дугаар сар, энэ оны 05 дугаар саруудад тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд “Хубилай хааны усан флот-Такашима арлын далайн археологийн үзэсгэлэн”-г Өвөрхангай аймгийн Хархорум музейд 2026 оны 06 дугаар сараас 09 дүгээр саруудад, Хэнтий аймгийн музейд энэ оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тус тус олон нийтийн хүртээл болгоод байна.
Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, шинжээч Б.Амгаланбат нар Такашима арлын далайн археологийн дурсгалыг судлах, усан доорх археологийн мэргэжилтэн бэлтгэх хүрээнд Нагасаки мужийн Нагасаки хотын мэргэжлийн шумбалтын байгууллагын 5 хоногийн эрчимжүүлсэн дадлага сургалтад анх удаа хамрагдлаа.

Энэхүү үйл явдал нь Хубилай хааны 1274, 1281 онуудад далайн их аян өрнүүлснээс хойш даруй 750 жилийн дараа Монгол хүн анх удаа Такашима арлын далайн гүнд нэвтэрч, өвөг дээдсийнхээ үлдээсэн түүхэн дурсгал, хосгүй үнэт өвийг өөрийн нүдээр үзэж судалсан түүхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Такашима арлын далайн археологийн судалгааг 1980 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 3 хөлөг онгоц, 400 гаруй эд өлгийн зүйлс олдоод байна. Энэ удаагийн судалгаагаар 2023 онд олдсон 3 дахь хөлөг онгоцыг үргэлжлүүлэн малтаж, 100 орчим олдвор олж илрүүлсний дотор ахуйн хэрэглээ, тоглоом наадгайн холбогдолтой эд өлгийн зүйлс буюу “ясан даалуу”, “ясан шоо” зэрэг нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын зүүн хаалганы орчимд 1948–1949 онд хийгдсэн малтлагаас мөн адил олдож байсан зэрэг нь цаашид харьцуулсан судалгаа хийх боломжийг бүрдүүлж байна.