ЯПОН УЛСЫН ТАТВАРГҮЙ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦООНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ
Япон Улсын Засгийн газраас гадаадын жуулчдад зориулсан хэрэглээний татварын (Tax Free) чөлөөлөлтийн тогтолцоог шинэчилж, 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс “татвар буцаан олгох тогтолцоо” (Refund System)-г хэрэгжүүлж эхэллээ.
Шинэ тогтолцооны дагуу Япон Улсад түр хугацаагаар зорчиж буй гадаадын иргэд татваргүй худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эхлээд хэрэглээний татварыг төлж, Япон Улсаас гарахдаа худалдан авсан бараагаа гаалийн байгууллагад шалгуулсны дараа татвараа буцаан авах боломжтой болно.
-> Гол өөрчлөлт
Өмнөх тогтолцоо: Гадаадын жуулчид татваргүй худалдааны дэлгүүрээс бараа худалдан авахдаа хэрэглээний татвараас шууд чөлөөлөгддөг байсан.
Шинэ тогтолцоо: Бараа худалдан авахдаа хэрэглээний татварыг төлж, Япон Улсаас гарах үедээ бараагаа гаалийн шалгалтад хамруулан, холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд татварын буцаан олголт авна.
-> Иргэд юуг анхаарах вэ?
1. Гадаад паспортоо авч явах: Татваргүй худалдааны үйлчилгээнд хамрагдахдаа хүчинтэй гадаад паспортоо дэлгүүрт үзүүлнэ.
2. Зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авалт хийх: “Tax-Free” тэмдэглэгээ бүхий, татваргүй худалдааны эрхтэй дэлгүүрээс бараа худалдан авсан байх шаардлагатай.
3. Худалдан авалтын доод хэмжээ: Нэг дэлгүүрээс нэг өдөр худалдан авсан барааны татваргүй үнэ нийт 5,000 иенээс багагүй байх.
4. 90 хоногийн хугацаа: Худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Япон Улсаас гарахдаа гаалийн баталгаажуулалт хийлгэх.
5. Бараагаа бүрэн авч гарах: Нэг баримтад бүртгэгдсэн бараанаас аль нэг нь байхгүй бол тухайн баримтад хамаарах бүх барааны татварын буцаан олголт хүчингүй болох боломжтой.
6. Ачаа тээшээ өгөхөөс өмнө: Нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтад орох, ачаагаа бүртгүүлэхээс өмнө татварын буцаан олголтын гаалийн ажиллагааг хийж гүйцэтгэх.
7. Япон Улсын Нарита, Ханэда, Кансай, Чүбү, Шинэ Читосэ, Фүкүока, Наха нисэх буудалд тусгай нөхцөлөөр цахим баталгаажуулалт хийх боломжтой.
-> Түүнчлэн
• Худалдан авсан бараагаа Япон Улсаас гадагш авч гараагүй, эсхүл шаардлагатай гаалийн баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд татварын буцаан олголт авах боломжгүй.
• Гаалийн байгууллагаас барааг биетээр шалгах шаардлага тавьж болох тул худалдан авсан бараагаа шалгуулах боломжтой байлгана.
• Татварын буцаан олголт авах журам, хугацаа, арга хэлбэрийг худалдан авалт хийсэн дэлгүүрээс урьдчилан тодруулна.
• Япон Улсад оршин суудаг бүх Монгол Улсын иргэн уг татварын хөнгөлөлтөд автоматаар хамрагдахгүй бөгөөд холбогдох эрх зүйн нөхцөлийг хангасан байх шаардлагатай.
Иймд Япон Улсад аялал жуулчлал болон богино хугацааны зорилгоор зорчиж буй Монгол Улсын иргэд татваргүй худалдааны шинэ журмыг урьдчилан судалж, худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягталж байхыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ