images

Элчин сайд Б.Баярсайхан Токиогийн Гадаад хэлний их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2026-10-29

7

Элчин сайд Б.Баярсайхан 10 дугаар сарын 29-ний өдөр Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Монгол хэл судлалын ангийн 15 оюутныг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсыг сурталчлан таниулах яриа хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан оюутнуудад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн ба өнөөгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тодруулбал, манай улс шилжилтийн үеийн хүнд бэрх он жилүүдийг даван туулах хугацаанд Япон Улсаас үзүүлсэн бодит тусламж дэмжлэг болон хоёр орны харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа үе шаттайгаар өргөжин хөгжиж ирсэн түүхийг бодит жишээн дээр тайлбарлаж өгсөн юм. Түүнчлэн Элчин сайд Б.Баярсайхан өөрийнхөө япон хэл сурах болсон шалтгаан, гадаад хэл сурснаар цаашдын ажил амьдралд нь ямар өргөн боломж, үүд хаалга нээгдсэнийг хуваалцлаа.

Уулзалтын төгсгөлд оюутнууд "Их сургуулиа төгсөөд тань шиг дипломат ажилтан болох хүсэлтэй, энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?", "Хоёр улсын харилцааны ирээдүйг та хэрхэн харж байна вэ?" зэрэг сонирхсон асуултууд асууж байв.

Энэхүү арга хэмжээнд Япон дахь Монгол оюутны холбооны төлөөлөл мөн оролцсон бөгөөд хоёр улсын оюутнууд харилцан туршлага солилцож, монгол, япон хэлийг үр дүнтэй сурах арга барилаасаа хуваалцсан халуун дулаан уур амьсгалтай уулзалт болов.